Monday, March 29, 2010

Маслоугийн хэрэгцээний шатлалын онол ба гэрлэлт.

Арван жилийн нийгмийн хичээл дээр Масло хэмээх нөхрийн тухай сонсоод, мянга анхаарлаа төвлөрүүлэх гэж хичээгээд гохонжий байлаа. Асуугдахдаа номноос 2 өгүүлбэр цээжлээд, багшийгаа хөнгөхөөн “хулхилаж” чадсан.

Эр нь өсөөд, эсгий нь нимгэрээд ч тэр үү? Хутга нь үхрийн сүүлэн дээр очоод ч тэр үү? Амьдралын эрхээр энэ онолыг ойлгосноо сийрүүлсү.

Маслоу хэрэгцээний шатлалын хундаамыг физилогийн хэрэгцээ гэнэ. Үүний нэг тал нь сээгэс. Аймар орлого багатай нэг баагий физилогийн хэрэгцээгээ хангахын тулд эм хүйстэй л бол эрлэг тоохгүй байсан ч яахав гэдгээр хандана. Энэ үед тэрээр нэг эхнэр төрхтэй юмтай болох бөгөөд өдөржин явсны эцэст оройдоо эхнэрээ нэг “начигнуулж” хаяад л гүйцээ. Эхнэр нь юм хум нэхэж новширвол салаавч гаргана. Эхнэрээ байгаагаар нь л байлгана. Эхнэр салаад явбал араас нь хөөж,  тууж доошоо орохгүй бөгөөд өөр нэгийг олоод авна. Эсвэл эхнэр нь буцаж ирнэ, сайндаа л өөр нэг яг адилхан хар юмтай болно. Угаасаа илүүг мөрөөдөцгөөгөөд ч хэрэг байхгүй.

Нөхөр бага зэрэг ухаарал авсан уу? Яасан? Жоохон мөнгөтэй боллоо. Энэ үед тэрээр эхнэрээ усанд орж, өглөөдөө нүүр гараа угаахыг шаардана. Ядаж л өөрт нь байнга “бэлэг” өгөөд байлгахгүйг бас шаардана. Харьцаа бол өнөө хэвэндээ ш дээ. Нөхөр сайжирвал эхнэр бас сайжрах ёстой. Энэ нь зүй бус шаардлага биш гэдгийг бидний өвөө эмээгийн, өвөө эмээгийн бла бла өвөө эмээ холбоотой хоёр нохойны жишээн дээр тайлбарлажээ. Үүнийг Маслоу гуай аюулгүй байдлын хэрэгцээ гэж шугам ашиглаж зурсан 3 талт дүрсний доод талаас 2-т бичжээ.

За энэ удаад ёстой л хэн нэгэн тусалсан байх аа даа. Дахиад орлого өслөө. Босс-ынхоо дээгүүр доогуур гүйж авдаг хэдээ бага зэрэг нэмүүлсэн биз. Олдохоор өлдөнө гэгчээр хэрхэн үрэхээ шийдэх хань хэрэгтэй боллоо. Эцсийн сонголт эхнэр байлаа. Түүнтэйгээ ярилцана, шийднэ. Цалин нэмүүлсэн тул атаа жөтөө явна. Бас тэрийгээ ярих хэрэгтэй болно. Хүн угаасаа нийгмийн амьтан гэдэг үгийг зүрхэндээ авсны дараа эхнэрээс өөр сонголтгүй үлдэнэ. Үүнийг Маслоу гуай Нийгмийн хэрэгцээ гэж чихэнд нь гурав шивнэжээ. Энэ шатанд эхнэрээс арай илүү ухаан шаардана. Ядаж л шар сониноос уншсан зүйлээ гүйцэт ойлгож, тайлбарлаж ярих анхан шатны шаардлага хангах хэрэгтэй. Хангахгүй бол баая баая. Дараагийн сонголт. Эрэлт байвал нийлүүлэлт байдаг тул өөр хэн нэгэн нь олдоно. Илүү харж билүү долоовоос бухын доодохыг харж үнэг турж үхэхийг үлгэр болно.

 За тэгээд манай нөгөө нөхөр тушаал дэвшлээ. Аваргыг давж гэгчээр нулимчихсан дайсантайгаа цалингийн цэсээ солилоо. Тэгэхээр чинь хүн амьтан хүндлэх шаардлагатай биз дээ. За тэгээд ажил дээр нь зарим нэг баагий ар өврөөр хутга шааж байснаа мартан гүйж эхэлсээр байгаад муу зан сургаад энэ нь гэр бүлийн амьдралд нөлөөлнө. Энэ үед эхнэрээс шар сонингийн нийтлэл ярихаас илүү ухаан шаардах бөгөөд үүний тулд арай илүү ухаантай царайлах шаардлага гарна. Нөхрөө хүндлэх ёстой. Чадахгүй бол дахиад баая шүү дээ. Эмэгтэйчүүдэд захихад үүнийг нь эртнээс мэдэж сургууль соёл төгсөж байвал сайн. Үгүй бол гудмаар дүүрэн лааз өшиглөсөн дипломтой өрсөлдөгчид. Тэрнээс арай гайгүй нэг залуухан алтан загасыг нөхөр чинь өлхөөн дэгээдээд авахаа мэднэ. Үүнийг хүндлүүлэх хэрэгцээ гэнэ.

Эмэгтэйчүүдийн гомдохгүй байх шалтгаан нь дэээээээээээээээр өгүүлсэн холбоотой хоёр нохой шүү. Хэхэ.

Дахиад сайжирлаа. Энэ удаад сайн нэгэн нь компанийнхаа дор хаяж Си.И.Өү болно. Эвсэл бүх ноу-хау-г нь мэдэж аваад шинэ хампаан байгуулаад гарна. Энэ үед өөрт нь янз янзын пиар хийх шаардлага гарна. Энд Маслоугийн гурван өнцөгт дүрсний орой дээрхи “өөрийгөө илэрхийлэх” хэмээх хэсгийн тайлбарласан бөлгөө.

Сурталчилгаанд хамгийн хөөрхөн нь зүйл хүүхэд, нохой, хүүхэн гурав. Пиарт бол жоохон апдэйт хийгээд хүүхдийн хандив, хобби, хань ижил болно. Эхнэрийн зурагтаар гарах хэрэгцээ нэмэгдэх тул аятайхан дүр төрхтэй байх ёстой. Үүний 2 зам нь нэг бол паластик хагалгаа, үгүй бол өөртөө бага зэрэг апдэйт хийх. Гэхдээ дэмжээд дэмжээд явахгүйн тухай зовлон бий. Өөртөө хийсэн бага зэрэг апдейт шаардлага хангахгүй бол паластик хийлгэж татуулж, шахуулж, соруулна. Гэхдээ энэ нь хар пиар болох тал бий. Тиймээс “ориг” бүтээгдэхүүн хайж эхэлнэ. Үүнийг эр хүний эрэвлээксээр өөрийн мэдэлгүй хийх бөгөөд хааяахан уригдсан найр цэнгээн, загварын шоун дээр аятайхан ориг бүтээгдэхүүн “чихдэнэ”.

“Сайн нэрийг олох амархан, Хадгалах хэцүү”. Үүний адилаар айлын эрх танхи, нялх нойтон хүүхдийн хайрлах ёстой. Зарим нэг нь үүнийг мэдсээр байж мөрийтэй тоглоом, архи гэх мэтэд халаасаа сэгсэрнэ.

Залуухан аятайхан ориг бүтээгдэхүүнд энэ нь таалагдахаа болино. Энэ нь эмэгтэй хүний хувьд энэ нь ч гэсэн “өөрийгөө илэрхийлэх” хэрэгцээ шүү дээ. Нөхөр нь тэр хэрэгцээг нь хангахуйц байр, сав, машаан тээхниг нтр хүчрэхээ больсон тул баая баая. Харин нөхрийн хувьд “баая баая” биш “си ю” гэж хэлдэг нь нууц биш.

Эхнэрээ салсан тэрээр амьдралаа эргэцүүлэн хуучин эхнэр дээрээ очлоо. Тоосонгүй. Гуйлаа зөвшөөрсөнгүй ээ. Өөрийг гуйлаа. Зөвшөөрлөө.
Ёоох. Залхуу хүрчихлээ. Дараа үргэлжлүүлье. За за. Үргэлжлүүлэх ч шаардлагагүй биз. Яг эсрэгээ явна шүү дээ.

Sunday, March 28, 2010

“Sky resort”-д зорчсон өдрийн тэмдэглэл.



Хэд хоногийн өмнөөс төлөвлөн байж Драмын Эрдмийн Театрын өмнөөс цагаан өнгийн Соната-2 машинд 5 найз цуглан хөдлөв. Оройн ээлжнийх нь 18.00-22.00 цаг тул яарч байлаа. Монголчууд болсон хойно цувж уван 18.30-д цуглан нэг нэгэндээ гомдоллосноор жижиг амралт эхлэв.

Азид гуравт ордог гэх баталгаагүй мэдээллээр сэтгэлээ зогоон явлаа. Сингапурт сурдаг хэдэн Шотланд энд гулгах ирснийг бодоход үнэн байж магадгүй ээ.

Их тэнгэрийн амнаас өнгөрөөд нуль дэржигнүүр замаар хуучин Солонгос машин 4 дугуйгаа 4 тийш нь салгах шахам явлаа. Дайн дээр дажин гэгчээр явж үзээгүй жолоочид болхи хийцтэй хурд сааруулагч эмзэг асуудал болж байлаа.

Жижиг даваа даваад оронгуут олон машин багтахуйц шороон зогсоол угтав. Хамгаалалт тийм ч сайн биш харагдаж байлаа.

Тасалбараас эхлээд хувцас авах энэ тэр асуудлыг шийдвэрлэхэд нилээд хугацаа зарцууллаа. Энд хөдөлбөл хөлс зогсвол зоос ажээ. Бүр хувцас хадгалах шүүгээ хүртэл шүү.
Урьд нь нэг удаа очиж, багш хөлслөн заалгаж байсан тул агуу их зоригийг шулуудан 3-р зэрэглэлийн замаар гулгахаар боллоо.

Хамгийн анх Ну-Погодигоор харж байсан искалатороор дээш өгсөв. Суух үед эмэгтэй хүн бүр ээжийгээ дууддаг, бөгөөд буухад нэг охин толгойгоо цохисныг эс тооцвол их дажгүй.
Бас их хүйтэн. Би нүүрээ хүйтэн салхинд түлсэн. Эдгээрээс хувцастайгаа хамт хамгаалалтын каск, түлэгдэлтээс хамгаалах тос хоёр багтаах хэрэгтэй юм байна гэж бодогдсоныг нуух юун.

Гэхдээ таван хүний дунд хоёр малгайтай ирсэн бидний буруу бас бий. Хэхэ. Үнэндээ нэг нь ч камер хүртэл санаагүй нь бэлтгэлгүйг гэрчилнэ.

Таван минут орчим дээш өгсөхөд спикерээр янз бүрийн стилийн дуунууд холилдон явж байв. Уг нь маркет шэер хийгээд аль хугацаанд ямархуу хүмүүс ирснийг тогтоон, тохирсон хөгжмийг арай цанга явуулж байвал илүү кайфтай байхаар байлаа.

Эхний гулгалт=Нэг уналт. Би ч энэ замаас салаагүй ээ. Айгаад. Унасан шалтгаан нь яг миний урд нэг хүүхэн унаад, унахдаа таягаа надруу шидээд, бултахдаа уначихсан юм. Үнэн шүү. Хэхэ.

Ер нь замынхаа зэрэглэлүүдэд гулгах шаардлага тавих хэрэгтэй юм билээ. Анх очиж байгаа хүнийг заавал нэг багш дагалдаад шалгаад эрх өгдөг бол сайн гэж бодогдсон. Нэг сэтгэлийн хөөрөлтэй баагий экстрем зам дээр гулгаад унаж үхвэл яана.

Овоо гайгүй гулгадаг 2 найз маань дээшээ гарлаа. Нэг хэсэг алга болов. Бусдаасаа  онцгойрч snowboard авсан анд минь гулгалгүй хүлээв. Бас л байдаггүй.

Нэг ажилтанд нь мэдэгдлээ. Зүүн мөрөндөө зүүсэн богино долгионы станцаар дор нь илрүүллээ. Гайхалтай юм шүү. Шал дэмий санаа зовж. Зүгээр л зөрсөн ажээ.

Дээр байрлах насилк ил харагдах нь сэтгэл зүйд жоохон тийм боловч энэ мэтчилэн аюулгүй байдлыг зарим тал дээр сайн хангажээ.

Жаахан пиар маягийн зүйл хийвэл ажлын өдөр хүн багатай бөгөөд 4 цаг бол хангалттай сэтгэл ханамж авахаар хугацаа юм билээ. 7 гэж эхэлсэн бид 9 цагт залхаж эхлэв.

Кофе уухаар том танхимд орж ирлээ. Эндэхийн ажилтнууд нь харин гулгалтын талбайн харцуулаа бодвол арай гайгүй ааштай юм аа. Сандалнууд нь дан мод болохоор жоохон тухгүй. Ер нь даарч орсон хүмүүсийг дулаацуулах ямар нэгэн үнэгүй сэрвис энд цугласан зарим хүмүүсээс харагдаж байлаа.

Энэ бичлэгт та бүхнийг анх, эсвэл дахин очихдоо анхааруулах зүйлийг хүргэсэн тул хэн нэгнийг хэт магтаж муулсангүй, гагцхүү бодит байдал, бодсон бодлоо үнэнээр хүргэв. 

Thursday, March 18, 2010

Алдартнуудын сургаалийг алдалгүй дагасан нэг өдөр....

Уржигдар алдартнуудын афоризм мэйлээр ирлээ.

-“Хүн өөртөө таалагдах ёстой. Өөртөө таалагдаж баймааж л бусдад таашаагдаж чадна”
Роттердрамын Эразм

-“Зөвхөн тэнэгүүд хийгээд талийгаачдын үзэл бодол л хэзээ ч өөрчлөгддөггүй”
Жеймс Лоуэлл

-“Аугаа их ухаантнууд л өмнөө зорилго тавьдаг. Бусад нь хүслээ л дагаж явдаг”
Вашигтон Ирвинг

-“Эрч хүчтэй байна гэдэг… үүрдийн таашаал цэнгэл мөн”
Уильям Блэйк

-“Уур хүргэж буй зүйлсээс илүү өөрсдийн маань уур цухал л бидэнд ихээхэн гай тарьдаг”
Жон Леббок

-“Залхуучууд ямагт дундаж хүмүүс байдаг”
Вольтер

-“Хүн болгон л ууж иддэг. Харин согтуурч, өөхлөнө гэдэг зэрлэг адгуусны л хэрэг”
Виссарион Белинский

-“Хүн бүхэнд л тэнэг бодол төрдөг. Ухаантай хүмүүс түүнээ гаргаж хэлдэггүй”
Вильгелм Буш

-“Ном бол хөгшрөхийн цагт хамгийн сайн нөхөр, залуу явахад хамгийн сайн багш”
Самюэл Смайлс

-“Хэний зүрх олны төлөө цохилж байна, тэр үнэхээр агуу”
Ромен Роллан

-“Уурласан нударга инээмсэглэсэн нүүр рүү цохидоггүй”
Хятадын цэцэн үг

-“Өрөвдөж байгаа нь биш, тусалж байгаа нь л нөхөр”
Томас Фуллер

-“Хөршүүдийнхээ доог тохууны бай болохгүйн тулд гэрлэхээсээ өмнө цаадхиа сайн шинж”
Гесиод

-“Суут хүмүүсийн ихэнхи нь гайхамшигт ээжүүдтэй байсан гэдэг тун ч онцгой баримт шүү. Тэд эцгээсээ бус эхээсээ илүү их зүйл авсан байдаг”
Хенри Бокль

-“Дэмий сууж, наргиж цэнгэх нь бүдүүлэг харанхуйн шинж мөнөөс гадна элдэв өвчний үүдэл болдог”
Ибн-Сина

-“Бага зүйлийг чаддаггүй хүнд томыг чадах боломж заяадаггүй”
Михаил Ломоносов

-“Хөрөнгө баялаг бол ердөө л хурааж хуримтлуулсан хөдөлмөр шүү дээ”
Огюст Бланки

-“Цоо эрүүл гуйлгачин өвчтэй хаанаас жаргалтай. Эрүүл мэнд гэдэг амьдралын бусад бүхий л баялгаас тийм олон дахин үнэтэй”
Шопенхуаэр

-“Аугаа их хүмүүс дандаа бага иддэг”
Бальзак

-“Юуг ч бүү илүүдүүл. Эрт унтаж, эрт бос. Хүнийг эрүүл, баян, ухаалаг байлгадаг зүйл ердөө л энэ”
Хиппократ

-“Хэн цаг хугацааны үнэ цэнийг эс мэднэ, тэр алдар хүндийг хүртэх хувьгүй төрсөн ажээ”
Вовенарг

-“Элдвийн юм цуглуулах хообий бол ухаан муудаж байгаагийн эхний шинж”
Бальзак

-“Дараа хийе гэж бүү алгуурла. Дараа хийхэд амархан болчихгүй”
Жан Поль

-“Сайн удирдах аргад урьдаар гэр бүлийнхээ дотор суралцаж боловсор”
Хилон

-“Өөртөө хатуу, бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хор хараас сэргийлж чадна”
Күнз

-“Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг”
Күнз

-“Бусдад юм хэлэхийн өмнө тэр үгээ өөртөө нэг хэлээд үз”
Сенека

-“Уурласны хариуд уурлана гэдэг улам их уур гаргана гэсэн үг”
Плутарх

-“Сэтгэлээ дэлгээд ярьчихдаг найз нөхөдгүй хүн өөрийнхөө зүрхийг урж иддэг”
Бэкон

-“Зам чинь бүдэг байвал, ухаалаг болгоомжтой хүмүүсийг дага. Эрт орой алин боловч тэд аятайхан гарц олчихно”
Грасиан

-“Мухар сүсэг гэдэг бол хүн төрөлхтөний хамгийн аюумшигт дайсан”
Вольтер

-“Насандаа тохирсон ухааныг олж аваагүй хүн тэр насныхаа лай ланчгийг үүрч явдаг”
Вольтер

ӨЧИГДӨР АМЬДРАЛАА ӨӨРЧлөхийн тулд нэг бүрийг алдалгүй дагалаа. Тэгээд өчигдөр бичсэн өдрийн тэмдэглэлээсээ хуваалцъя

“Хүн өөртөө таалагдах ёстой. Өөртөө таалагдаж баймааж л бусдад таашаагдаж чадна” гэснийг уншаад толинд очиж харлаа. Нэг л бишээ. 

Урьд өмнө өөрийгөө өөрчилье гэж бодож явдаг байсан. Хэрэгжүүлье гэж бодтол “Зөвхөн тэнэгүүд хийгээд талийгаачдын үзэл бодол л хэзээ ч өөрчлөгддөггүй” гэнэ ээ. Бодлоо өөрчилж хэвээр үлдэхээр шийдлээ. 

“Аугаа их ухаантнууд л өмнөө зорилго тавьдаг. Бусад нь хүслээ л дагаж явдаг” гэснийг уншаад тайван сайхан амьдаръя гэсэн зорилго тавьлаа. Араас нь “Эрч хүчтэй байна гэдэг… үүрдийн таашаал цэнгэл мөн” гэснийг уншаад эрч хүчийг ихээхэн гаргаж ажлынхандаа агсарлаа. 

Буцаж иртэл “Уур хүргэж буй зүйлсээс илүү өөрсдийн маань уур цухал л бидэнд ихээхэн гай тарьдаг” буруу үг дагаснаа ухаарав. 

“Залхуучууд ямагт дундаж хүмүүс байдаг” гэдгийг уншаад гарч хоол идэхээр шийдлээ. Гарахын амжилгүй “Хүн болгон л ууж иддэг. Харин согтуурч, өөхлөнө гэдэг зэрлэг адгуусны л хэрэг” гэдэг үгийг уншаад сүүлийн үед таргалаад байгаа мэдэрлээ. Болилоо.

“Хүн бүхэнд л тэнэг бодол төрдөг. Ухаантай хүмүүс түүнээ гаргаж хэлдэггүй” гэснийг уншаад ажлынхандаа энэ тухайгаа хэлсэнгүй. 

Ном барьж суулаа. Шалтгаан нь “Ном бол хөгшрөхийн цагт хамгийн сайн нөхөр, залуу явахад хамгийн сайн багш” гэсэн болохоор...

Цаасны харшил хөдөлж, дагаад зүрх дэлсч эхлэв. Болихоор шийдтэл “Хэний зүрх ОЛОН /энэ хэсгийг буруу уншсан/ цохилж байна, тэр үнэхээр агуу” гэдгйиг уншаад тэсэхээр шийдэв.

Үр дүнд нь уур хүрэв. Сууж байтал ажлынхан орж ирж уурлав. “Уурласан нударга инээмсэглэсэн нүүр рүү цохидоггүй” гэснийг санан инээв. Уурласан хүнээс ямар л олигтой инээд гарав гэж. *Тавлаад байна уу* гээд намайг цохьлоо. Аргагүй л Хятад үг юм даа. 

Өрөвдүүлэх санаатай найз охиндоо очлоо. “Өрөвдөж байгаа нь биш, тусалж байгаа нь л нөхөр” гэдгийг уншаад уур хүрэв. “Хөршүүдийнхээ доог тохууны бай болохгүйн тулд гэрлэхээсээ өмнө цаадхиа сайн шинж” буцаж ирж энийг уншаад гэрдэх саналаа таван жилээр хойшлуулахаар шийдлээ.

Яахаа шийдэж ядан цааш унштал “Суут хүмүүсийн ихэнхи нь гайхамшигт ээжүүдтэй байсан гэдэг тун ч онцгой баримт шүү. Тэд эцгээсээ бус эхээсээ илүү их зүйл авсан байдаг”. ээжээсээ очиж мөнгө авахаар шийдлээ.

Авсан мөнгөөрөө архи ууя гэтэл ажлаараа гальт дайрах хэрэг гараад унштал “Дэмий сууж, наргиж цэнгэх нь бүдүүлэг харанхуйн шинж мөнөөс гадна элдэв өвчний үүдэл болдог” гэхээр болихоор шийдлээ. 

Үргэлжлүүлтэл “Бага зүйлийг чаддаггүй хүнд томыг чадах боломж заяадаггүй” гэнэ ээ. Архи уух юуны том байхав дээ. Гарахаар шийдлээ.

“Хөрөнгө баялаг бол ердөө л хурааж хуримтлуулсан хөдөлмөр шүү дээ” гэжээ. Гарахаа болилоо.

“Цоо эрүүл гуйлгачин өвчтэй хаанаас жаргалтай. Эрүүл мэнд гэдэг амьдралын бусад бүхий л баялгаас тийм олон дахин үнэтэй” гэжээ. Гарч битмийн авч ууя гэтэл “Аугаа их хүмүүс дандаа бага иддэг” гэжээ. Ц битмийн нэг уутыг аваад нэгийг нь л идээд бусдыг нь хаялаа.

*Юуг ч бүү илүүдүүл. Эрт унтаж, эрт бос. Хүнийг эрүүл, баян, ухаалаг байлгадаг зүйл ердөө л энэ* гэжээ. Би зөв шийджээ. 

“Хэн цаг хугацааны үнэ цэнийг эс мэднэ, тэр алдар хүндийг хүртэх хувьгүй төрсөн ажээ”. Тайван амьдрах зорилготой тул зүгээр л мөнгөө цуглуулаад мөрөөрөө байхаар шийдэв.

“Элдвийн юм цуглуулах хообий бол ухаан муудаж байгаагийн эхний шинж” гэжээ. Өөртөө эргэлзэж эхлэв.
Яг одооноос цуглуулахаа болилоо.

“Дараа хийе гэж бүү алгуурла. Дараа хийхэд амархан болчихгүй” гэж ээ. Бүгдийг нь авч гарч наргихаар шийдлээ. Хүмүүс цугласангүй. 

Гэртээ харьлаа. Учир нь “Сайн удирдах аргад урьдаар гэр бүлийнхээ дотор суралцаж боловсор” гэжээ. Ахаас юм асуулаа. 

Гэхдээ их аяархан хэлэв. Тэр ойлгосонгүй. “Өөртөө хатуу, бусдад зөөлөн бай. Тэгж байж л чи хүмүүсийн зүгээс учрах хор хараас сэргийлж чадна” гэсэн болохоор нь шүү дээ.

Гомдох гэтэл “Мунхаг хүн өөрийг нь хүмүүс ойлгохгүй байна гэж гомдоллодог. Ухаантай хүн бол эсрэгээр, хүмүүсийг мэдэхгүй байгаадаа харамсдаг” гэжээ. Тэр дүлий юм байна. 

“Бусдад юм хэлэхийн өмнө тэр үгээ өөртөө нэг хэлээд үз” гэжээ. Хатуу байх үлгэрээ хашгирлаа. Сонсогдож байна. Тэгэхээр тэр яах аргагүй дүлий. Түүнийгээ бас чанга хэллээ.

Тэр уурлалаа. “Уурласны хариуд уурлана гэдэг улам их уур гаргана гэсэн үг” гэсэн болохоор нь бүр их уурлаж ялахаар шийдлээ. Зодууллаа.

“Сэтгэлээ дэлгээд ярьчихдаг найз нөхөдгүй хүн өөрийнхөө зүрхийг урж иддэг” Үнэхээр хүн байхгүй байсан болохоор зүрхээ урж идэхээр шийдлээ. Даанч далд байна. 

Хаачихаа мэдсэнгүй. “Зам чинь бүдэг байвал, ухаалаг болгоомжтой хүмүүсийг дага. Эрт орой алин боловч тэд аятайхан гарц олчихно” гэлээ. 

Эмээг шүтээд байдаг болохоор нэг лам дээр очлоо. 

Тэрээр араас нь дагаад байсан намайг эргэж харснаа “Мухар сүсэг гэдэг бол хүн төрөлхтөний хамгийн аюумшигт дайсан” гэж хэлэв. Юу ч ойлгосонгүй. 

Вольтер “Насандаа тохирсон ухааныг олж аваагүй хүн тэр насныхаа лай ланчгийг үүрч явдаг” гэж үнэн хэлжээ. Тэр үнэхээр хүнд нэг богц үүрчихсэн явж байсан юм.

Monday, March 1, 2010

Эмээгээрээ бахархах нь буюу хөдөлмөр хүний амжилт

Уг нь энийг цас зуд эхэлж байхад бичих байсан юм. Гэхдээ яахав. Зуд энэ жилээр дуусах биш. ТВ үзэхээр л цас  зуданд баригдаад, хамаг малаа үхүүлээд, тусламж гуйсан хүмүүс. Зуд анхны жилээ болж байгаа хэрэг биш. Хамгийн уур хүрмээр нь нэг малчин залуу зурагтаар
-       - Хотынхон гэж мах идэхээ л мэдэх улс. Өсгөж үржүүлэхэд ямар хүнд байдгийг нь мэдэхгүй. Өвөлдөө тусламж энэ тэр юу ч байхгүй гэж ярьж байхыг сонсоод уур хүрлээ.

Тэгээд л эмээгээрээ өөрийн эрхгүй бахархлаа. 90 онд нэгдэл хувьчлагдах, манай эмээгийн тэтгэвэрт гарах 2 яг таарчээ. Эмээ маань хүнээс 20 хургатай хонь, 5 тугалтай үнээ, 1 ишигтэй ямаа зээлээд малчин болж билээ. Үр хүүхэд ач гуч бид нар нь ч яахав. Зуныхаа амралтаар очиж нэг 2 хоног дуртай дургүй хонинд явна. Өвөлдөө очиж идшээ авна. Хавартаа очиж ноолуураа авна. Нэг иймэрхүү байдалтай л бараагаа харуулцгаана. О.Дашбалбар агсны *Залуус дүү нартаа хүргэх шүлэг*-ийг уран зохиолын хичээл дээр цээжлэхдээ л жоохон өрөвдсөн гэхэд нэг их хилсдэхгүй.

2 жилийн өмнө эмээгийн маань үнэхээр бие нь дийлэхээ болиод хотын хүн боллоо. Ингэхэд тэрээр хонь, ямаа, үхэр нийлсэн 700 гаруй толгой малтай болсон байж билээ. Залуу насаа төв суурин газар боловсрол эзэмшиж, насаараа эмч хийсэн ганц бие хөгшний хувьд мэдээж чамгүй үзүүлэлт. Энэ хугацаанд хичнээн ч цас, зуд, үер усны аюул үзсэнийг зөвхөн тэр өөрөө л мэдэх байх.

Тэрээр зөвхөн малаа өсгөөд байсангүй. Үр хүүхдүүдээ ямар ч л байсан байртай, унаатай болгосон юм даг. Үр шимийг нь Б.Жавхаа мэт бэртэгчин нөхдүүд одоо болтол хүртсээр л явна. Ямар ч байсан би гэдэг хүн хилийн мах авч идэж үзсэнгүй.

Бичиж байхдаа их зүйл бодож суулаа...