Tuesday, November 15, 2011

Өрхийн үйлдвэрлэл

Галдангийн гэр хотын захын хорооллын нэгэн хашаанд гэрээ барин сууна. Уг нь лаг хөдөлмөрч бөгөөд толгойтой нөхрийн энэ гэр бүлийн онцлог нь туйлын “тооцоотой” ажээ. Хооллох, байрлах, хувцаслах гэсэн физилогийнхоо гурван хэрэгцээг ядмаг гэгч нь өөрсдөө чадмагаар хангана. Эхнэр нь өглөө эртлэн босч өрхөө татан цай чанах ажээ. Гэрийн модыг Галдан өөрөө хийжээ. 

Чингэхдээ хэрэглэгдэх мод сэлтийг хойд уулнаасаа үүрч авчрав гэнэ. Хугалах, зорох, өнгөлөх ажлыг мөн өөрөө хийжээ. Сүх, харуул, хуурай хэрэгтэй байсан боловч худалдаж авахаас нарийлахдаа чулуугаар орлуулжээ. Том бул чулуу, цахиур чулуу, хайрга чулуу... Будаг хийх технологи мэдэхгүй тул нойтон ургамлын шүүсхэнээр орлуулсан нь хэдий удаа аж. Гэрийн бүрээс, оосор бүч сэлтхэнийг “түүхий эд”-ийн нь хамт мөн л өөрсдөө хийжээ. Яаж хийснийг бичих гэтэл судлах цаг байсангүй.

Эхнэр нь Галдангийн урласан данханд цай чанах агаад том хүүгийн хашаандаа ухсан худгаас ус ховоодож аваад, үнээнээсээ шууд сүүгээ саагаад болгож байна. Голоос давсаа авдаг ажээ. Хашааныхаа буланд ногоон цай болон буудай, хүнсний ногоо бүгдийг тарин өрхийн хэрэгцээгээ хангана.

Цай чанасны дараа Галдангийн босох ор нь мөн л түүний бүтээл агаад өмсөх дээл нь охиных нь бүтээл. Гэх мэтээр өөрийн хэрэглээг зөвхөн өөрийн “өрхийн үйлдвэрлэлээр” хангах ажээ. Ажилдаа унаж явах сонин амьтныг Галдан гуай өөрийн хийсэн лабораторитоо өөрийн аргаар гаргаж авчээ. Гурав дах хүүхэд нь жоохон архи уугаад байхаар нь уур нь хүрээд мутацийн технологийнхоо түүхий эд болгожээ.

Энэ өрхийн “импорт” 00. Авсан цалингаа 100% хураана. Мэдлэгээ хаанаас яаж олж авсныг нь хэн ч үл мэднэ. Бүгдийг өөрсдөө хийж байгаа болохоор зардал тийм байх нь аргагүй ээ. Энэ ч утгаараа өөр ямар ч өрх тэднээс үл хамаарна.

Тэдэнд зарим нэг энгийн хэрэглээгээ чанаржуулах, элдэв зугаацал сэлгүүцэлээ бий болгохоос эхлээд том том мөрөөдөл бий. Дэд бүтцэд бүрэн холбогдсон бүрэн хаус, (уг нь хүүхдүүдийнхээ нийгэмшлийн асуудлаас болоод орон сууцанд амьдрахыг хүссэн боловч тэнд урсгал зардал гарна), хувийн авто машин, гар утас...

Тиймээс одоо тэр дулаан цахилгаан станцын, барилгын автомашины технологийг сурах.., Аа биш, сурахад мөнгө төлөх тул зохиох түүнийг бий болгох түүхий эдийг олох (ер нь бол өөрсдөө л зохиож таарна),  их ажил бий. Цаг хугацаа нь хүрэх болтугай...

2 comments:

  1. Гомдолтой байна ккк, хүний хувийн амьдарлыг зөвшөөрөлгүйй хуулбарлан бичсэнд

    ReplyDelete
  2. oorteigee adilhan um bichdiin

    ReplyDelete