Tuesday, February 19, 2013

ХАНГАЛ-I


Төгсгөл

“Миний хүү ажлын өдөр яагаад ийм эрт хүрээд ирэв ээ?” гэх ээжийнх нь дуу чихэнд сонсогдохтой зэрэгцэн чанаж буй цайных нь ааг хамар цоргив. Хангал хариулт хэлсэнгүй гутлаа хоёр тийш тайлж шидчихээд хүрмээ өмсөөтэй чигээрээ гүйх шахам 00 орсон нь давсаг нь нилээд хугацаанд чинэрч явсных ажээ. Өөрөөсөө гарах ёстой шингэнийг гүн амьсгаатай зэрэгцүүлэн нүдээ зөөлөн анингаа гаргасан нь гэх өгүүлбэр надад арай өөрийг бодогдуулах авч тэр зүгээр л хөнгөрсөн хэрэг нь мэдээж шүү дээ. Хүрмээ ариун цэврийн өрөөнд байрлах угаалгын машинд шидчихээд гараа угаан нүүрээ нэг шударчихаад зочны өрөөнд ортол цай бэлэн болжээ.

-          Улаан царайлчихаад даарч дээ миний хүү, машингүй яваамуу?
-          Хүнд өгцөөн

Ингэж хэлэхэд Должин гуай хүүгээ нэг л юм нуугаад байгааг мэдэн бага зэрэг цочсон ч сэтгэл нь нэг л тайван байгааг ажигласнаа “яагаад” гэж ч асуусангүй. Эх хүний сэтгэлээ гэж...
Должин гуай дөнгөж буцалсан сүүтэй цайны дээжийг хүүдээ барингаа

-          Гэртээ харихгүй яагаад хүрээд ирэв? Хэрэг гараа юу?
-          Бас хүнд өгцөөн.

Түрүүчийн ерөнхийлөгчийн үеийн нэгэн сайхан зун хүү нь шинэ байртай боллоо гээд гэргийтэйгээ тусдаа гарч байсан болохоор энэ мэдээ ээжийнх нь даралтыг өсгөжээ.

-          Гүй ээ тэгээд Чимгээ нь яагаав ээ? гэж ховорхон харагддаг бэрээ лавлатал
-          Салцөөн.

Ховорхон үзэгддэг ч ганц хүүгийнх нь гэргий юм болохоор Должин гуай Чимгээг охидтойгоо адилтган үзнэ. Байраа зарсан мэдээг сонсоод аажмаар 160 шүргэж байсан даралт нь нисч эхлэв.
-          Гүй ээ, энэ хүү чинь эхээрээ тоглох нь уу дээ? Даралт ихэсгээд хаячихлаа гээд эмэндээ боох гэхэд нь Хангал аягатай цайгаа ширээн дээр тавьснаа ээжийгнхээ гараас атган
-          Ээж ээ. Одоо гурвуулаа /охин дүүгээ багтаав/ хүн шиг амьдарна аа хэмээн нүүр дүүрэн баясгалантай, сэтгэл дүүрэн итгэлтэй өгүүлэхэд Должин гуайн даралт хэвийн хэмжээрүүгээ пишииуун гээд л чарга шиг уруудах нь тэр. Хэвийн хэмжээрүүгээ л дээ.

Солонгост эмчлүүлж ирснийхээ дараа хэсэгхэн хугацаанд л хүүгийнхээ ийм сэтгэл тайван, аз жаргалтай байхыг харсан Должин гуай учрыг нь эс олох мөртлөө тайлах ч гэсэнгүй, за тэгсэн мөртлөө өөрөөнэг л сэтгэл тайвангүй.
-          За хүү минь юу л болоод байна даа? Бид хэд ер нь дутагдах гачигдах юмтай байсан ч хулгай хийж, амьтан алалгүй өдий хүрч хүн шиг л амьдарч явсан. Та нарын энэ амьдралын учрыг олоход миний ухаан толгойтой үс шигээ хөгшдөх бололтойм, сүүл гэж тун хэгжүүн өгүүлснээ гал тогооны өрөө рүү яваад ирэх хооронд амьдралынхаа шинэ түүхийг эхэлж байгаа  хүү нь буйдангийн түшлэг дэрлээл гоххххххххх хэмээн хурхирч хэвтэнэ.
-          Хөөрхий, тэгтлээ л ядарч, зовж явсийм байх даа?

Эхлэл

Хэдэн жилийн өмнө. Машины жагсаал урагш тэмүүлэх гэж хичээнэ, харин гэрэл нь утааны завсраар тусах гэж чармайна... Хотын өвлийн нэг өдөр иймэрхүү стильтэй дуусч байхад хотын захад хааяахан нэг мийкр, машин ээлжлэн давхих зам дагасан гэрлийн тод тусгал газарт бүдэгхэн буух ажээ. Хашаан дунд байрлах сургуулийн хажуугийн сандал дээр хоёр оюутан залуу чимээгүйхэн сууна. Уг нь ийм насны хоёр залуу ангидаа байгаа охидынхоо царай зүсийг уралдуулан магтаж, нэг үзсэнээ гурав болгон ам булаалдан байх нь хаа сайгүй сонсогдох ёстой авч тас харанхуйн анир чимээгүйд тэднийг холоос харсан хүн татаж буй тамхиных галаар нь л хүн байна гэж таамагламаар. Тэр нь ч тэгээд сайн анзаарагдахгүй.

Анир чимээгүйг эвдэн утас дуугарав. Хангалын ажлаас залгаж буй 42 дахь дуудлага. Тэр авсангүй. Салгаж болох байсан нь ижийнх нь хэвтэж буй эмнэлгээс сахиж буй охин дүү нь залгаж болзошгүй. Ээж нь зүрхний хүнд өвчин тусан гэнэт эмнэлэгт хүргэгдлээ гэсэн мэдээгээр Хангал хичээлээсээ гүйн гарч I эмнэлгийн яаралтай мэс заслын өрөөнд яаж ирснээ ч санахгүй шахам ирэхэд Цэнгэг ахыгаа “Ээж хагалгаанд орсон гээд” уйл тосов. Хагалгааны дараа эмч гарч ирэн
-          Ээж чинь зүрхний хүнд өвчин туссан. Бид энэ удаадаа л торгоолоо. Олон чадахгүй. Яаралтай гадаад явж эмчлүүлэх хэрэгтэй.
-          Хаана ямар үнэтэй байдын?
-          Гайгүй орны цөөн хэдэн эмнэлэгт бол энэ чиглэлийн хагалгааг хийнээ хийнэ. Саяхан манай нэг өвчтөн Японд хийлгэсэн. 50 сая орчим боллоо гэж байсан.

Тавин сая төгрөг байтугай сая ангийхнаасаа таксины мөнгө зээлж ирсэн Хангалд ээжийгээ аль эрт алдсан мэт сэтгэл төрөв. Тэнгэр нураад ирэх шиг л болдог юм. Үүнийг анзаарсан Хөхөө эмч:
-          Санаа зовох хэрэггүй дээ. Тусалж дэмжиж хандив өргөх хүмүүс мэр сэр байдаг л юм. Тэдэнд хандаарай. Харин цаг алдаж л болохгүй. Ах нь хэзээ байх ёстой гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй юм.

Өдөр нэг иймэрхүү зүйл болжээ. Ганаад бол найзынхаа сэтгэлийг яаж тайвшруулъя даа гэсэн бодлоос өөр зүйл байсангүй. Тэгснээ
-          Чи тэр гэрлийн шонг хардаа. Бид бол доор нь тусаж ядсан бүдэгхээн тусгал. Харин дээшээ өгсөх зам нь гэрэл. Харин чийдэн болж тодрохын тулд бид маш өгсүүр утаатай замыг туулдаг. Гол нь өгсөөд л байх хэрэгтэй. Яагаад гэвэл зам нь хэзээ ч тасрахгүй. Яг л тэр гэрэл шиг. Харин ч улам тодорно. Хүн заавал зорьсондоо хүрдэг гэдэг биз дээ? Хоёулаа ээжийг чинь заавал эдгээнээ. Арга нь олдож л таарна.

Ганаагийн энэ үг Хангалд эмчийн өдрийн хэлсэн үгийг дахин сануулж, амьсгаа нь хоёр санж хиртээ уртассан юм. Гэхдээ итгэл нь нэг л төрж өгсөнгүй. Гүй ээ яаж ч бүрэн итгэхэв, түрүүхэн пяавдах хүсэл байсан ч түрийвч нь нимгэдсэн хоёр хойно. Гэхдээ л Хангал гэрлүүгээ алхахдаа “Би заавал ээжийгээ эмчлүүлнэ, Би заавал ээжийгээ эмчлүүлнэ” гэж өөртөө дахин дахин тангараглан явсан юм.

Үргэлжлэл бий. Тэр нь нээрээ http://www.facebook.com/Kupon.mn-д бас үргэлжилнэ.

Saturday, January 5, 2013

Ширээ сандлыг хянаад өгөөч!!!


Эрхэм хүндэт сайд дарга, ширээ сандлын зохицуулах хорооныхоон. Та бүгдэд энэ захидлыг илгээж байгаа явдал нь энэ ширээ сандал гээч эд хэрэгслүүд нь иргэд бидний амьдралд мэдээ орсон цагаас эхлэн аюул учруулах боллоо.

Юу гэвэл дөнгөж мэдээ ороод нэг ширээн дээрээс үсэрсэн чинь хажуудах сандалд нь тээглээд газар унаад гараа гэмтээжийсийн би. Ширээ байгаагүй бол юу гэж тэхэв?

Сургуульд орсны дараагаар нагац ах маань намайг муухай бичвэл ширээний хөлөөр цохьдог байлаа. Дөнгөж сургуульд оржийсан жижкэн пацаан бас ширээ сандал дээр суугаад уйлжээх жишээтэй.

Дунд ангид нэг охины нэрийг надтай холбоод ширээн дээр маань бичцэн байсан. Тэрнээс болж би зөндөө ичсэн. Уур хүрээд бичсэн хүүхдийнх нь сандал дээр бохь тавьж өмдий нь завааруулаад багш намайг чихдэж хүчирхийлсэн. Гайтай ширээ сандал хоёроос л болсон.

Багш нар томоотой суулгаж байна гээд ширээн дээр 2 гараа зөрүүлэн 40 минут хөдөлгөөнгүй суулгаж ангиар минь цээрлүүлсэн. Эсгий гэртээ газраа суугаад хичээлээ хийдэг бол юу гэж тэхэв дээ. Гайтай ширээ сандал

Ахлах ангид манай ангийн баньд ширээн дээр нь суусан гээд намайг сандлаараа цохиж байв. Бас амралтаараа ангийнхаа ширээ, сандлыг будсанаас болж тухайн үед толгой өвдөж байлаа.

Их сургуульд ширээний доор наасан бохинд өмдөө наажийснийг эс тооцвол хичээлдээ бараг суугаагүйнхээ ачаар муу сурсан ч ширээ сандалд нээх өртөөгүй юм бий. Ер нь хол л байвал өлзийтэй бололтой.

За тэгээд сургууль төгсөөд ажилд орлоо гээд ширээ сандал дээр суугаад л хөдөлгөөний дутагдалд орж байна. Ширээ сандалгүй бол эрүүл байхсан би.

За эд нарч гайгүй. Дээд айлын ах ширээний хөлөөр эхнэрээ зодоод байна. Архи уухаараа сандал шидээд юм хумаа эвдэлж сүйтгээд байна. Баарнуудад тав тухтай ширээ сандал их тавигдаад хүмүүс удаан суугаад архи уугаад байна.

Цагаан даваа дүүрэн ширээ сандлын хогнууд байна. Гэр хорооллын айлууд нүүрсний мөнгөгүй болохоороо ширээ сандлаа түлээд утаа гаргаад байна. Тэр ширээгий чинь модоор хийгээд байна.

Энэ асуудлыг яаралтай хянаж, болж өгвөл ширээ сандал хэрэглэхийг хориод өгөөч.

Иргэн Чалва