Monday, September 19, 2011

Хандлага ба Хятад

Түвд, Санскрит, Оросыг нь эс тооцвол өвөө маань яах аргагүй Манж, Хятад хэлтэй хүн байсан. Хятад хятаддаа симплифаяд биш, трэйдишинал Чаянис гээл бодчих. Нотлох баримт даанч алга.

Жинхэнэ нотлох баримт гээд бичиг баримтын цүнхээ ухтал Эрээнэнградад тууж явсан байх юм. Говь нутгийн хүү 90-ээд онд өөр хаачихвээ дээ. Тэр үед хүүхдүүд урагшаа гадаад паас биш А4-ын цаасыг босоогоор нь хуваагаад 3 нугалчихсан юм шиг цаасаар гардаг байсын. Нэрийг нь санахгүй л байна.

Шилжилтийн үед бор давснаас өөр зүйлгүй лангууг Хятад бараа эхэлж дүүргэснээр бид өлслөнгөөс аврагдсан. Энд баримт биш гэрчүүд дуудвал арай амархан. Зөндөө л хордоцгоосон. Одоо ч хордоцгоосоор. Тэглээ гээд энэ тэдний биш бидний буруу их ээ.

Баавгайн савар гэж хулхидаж зарах гэж баахан тэмээнүүдийн минь хөлийг нь тасар татаад аваад явчихсан Хятадуудад бид өндөр татвар оноож чадаагүй нь харамсалтай.



Дунд ангид Хуанжу гэгт дурлаж явсаан. Хүүхэнд нь биш кинонд нь. Тэрнээс өмнө Чаки Чан, Бүрслээ, Цас уулын нисдэг үнэгийг Терминатор, Вандаамаас илүү ойлгож үзэж сонирхож шохоорхож явсан. 25-р суваг тэр үед төгсгөлийн ангиудыг нь кино театрт гаргаж байсанд нь жоохон гомдмоор. 500 төгрөгөөр үзэх гэж бөөн юм болсон санагдана.

Хятад Орос Монгол Канад Америк ямар ч бизнесмен бага мөнгөөр ихийг авахыг хүснэ. Нүүрс, жонш гэх мэт байгалийн баялгийг маань түүхийгээр нь зөөж байгаа Хятадуудаас томоохон татаас авчих дорвитой шиг дарга сонгочих ухаан мэдлэг байсангүйдээ бид буруутай.

Олны танил дуучин нь хүртэл шавар тагз сонгосон болсон түүх бий. Эмэгтэй хүн цагаан зээр хоёрт нутаг байдаггүйг бодоход энгүй талдаа тогтоож чадаагүй эрчүүд бид илүү буруутай.

Байрны үнэ өндөр байгаад Синглэтон буруутай юм уу гэмээр бизээр нэг гомдол. Бүр ч өндөр байж болох л байсан. Өөрсдөө чадахгүй болохоор урдаас хэдэн шаахайны мөр орж ирээд энэ хэдэн барилгын зардал хийгээд цаг хугацааны алдагдлыг багасгаж байх юм.

Гэхдээ тэд нар нь энгийн мань мэтийг битгий хэл цагдаа цэргийнхнийг минь зодож дооглоно. Бага балчир насны омголон сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн барилгын хашаа шатааж, рестораны цонх хагалж явсан. Эцэст нь бодоход нутагтаа сууж байж хэдэн муусайн бичиг үсэггүй хужаад дээрэлхүүлж байгаадаа тэдэнд гомдох биш өөрөө өөрсөддөө л гутармаар.

Хятадууд бидэнд сайн муу олон зүйл өгчээ. Сайныг нь дурсахгүй мөртлөө мууг нь овойц оцойлгоно. Хөөрхий тэнд чинь ч гэсэн өнөө маргаашийн хоолоо олох гэж өдрийн 2 доллараар ажиллаж буй 400 сая хүн байшд. Манайд бол хагас өдөр гуйлга гуйгаад л олно доо тжр мөнгийн. Тэглээ гээд өмөөрөх гээгүй ээ. Муу зүйл хийж байгаа нь биднээс өөрсдөөс минь л болж. Энэ хандлагыг олох цаг болжээ.

No comments:

Post a Comment