Sunday, September 2, 2012

Хүүхэд миний мөнгө


Мэдээ орсноос өмнө надад хэн хэдэн төгрөг өгч байсан бөгөөд тэдгээр нь юунд зарцуулагдсаныг ёстой мэдэхгүй юм. Ямартай ч тооцоотой эмээ, өвөө маань 20 дугаар тогтоолын өмнө нилээд их гурил, элсэн чихэр авсныг ээж бид хоёр мэдээ ортлоо идсэн бөгөөд би бээр тэрсхэн төрсөн ах нарынхаа, эсвэл бэлэгний хувцасаар гангардаг байлаа. Ээжид аудит хийгээд баримтын шалгалт оруулмаар санагдлаа.

Гэнэт олдсон мөнгө:

Сургуульд орсон эхний жилийн хавар, аймгийнхаа гудамжаараа алхаж шар тавт, ногоон аравт, улаан хорьт хуй салхин дундуур эргэлдэн нисч ирсийм. 7 шүргэж яваа пацаан говьд хуйлрах шороон дундуур тун чиг баатарлагаар орон тэдгээр мөнгүүдийг түүж, тоолтод 300 төгрөг нийлээн давлаа. Энэ миний амьдралдаа “олсон” анхны мөнгө байлаа. Юунд үрснээ сайн санахгүй л байна. Гэнэт орж ирсэн тэр мөнгө, гэнэт алга болсон юм.

Бусдын зарцуулах эрхтэй миний мөнгө:

Төдөлгүй эрээн хотыг зорьж гадаад улсыг үзэх завшаан тохиов. Хүн амьтны сайн яваарай гэж өгсний дээр, ээжийн надад эрх олгосон 100 гаруй юаныг ээждээ хадгалуулав. Тетрис тоглоомноос өөрөөр тэдгээр мөнгөнүүд миний хүссэн зүйлд огт зарцуулагдаагүй юм. Дараа нь ээж надад эвтэйхэн санхүүгийн тайлан тавьж дөнгөсөн. Чамд ийм тийм юм аваад, буудалд оруулаад, хоол идүүлсэн гэх мэтээр... Ер нь бол тэд нар байсан байгаагүй ээж авч өгөх л байсан. Хүүхэд бидэнд мөнгөө өөрөө зарцуулах эрх мэдэл алга.

Өөрийн мэдлийн мөнгө:

Сайншанд хотын 10 жилийн сургуулийн сурагчдын дунд савангийн хайрцганд хийсэн шоогоор тоглодог тоглоом, элсэн чихрээр хийсэн шүдэнзний модон иштэй чихэр, гаа, сига, 5-ын чавга ид моод байв. Нэг удаа талхны хариултаар мөрийтэй тоглоод яггүй баяжаадахлаа. Олсон мөнгөөрөө хэнтэй ч үл зөвшилцөн өөрийн мэдлээр палмаастар авав. Харамсалтай нь 10 өнгийн палмаастрын ердөө 2 нь л гардаг байв. 10 эргэм насны говийн бандид авч байгаа зүйлдээ хяналт тавих ухаан суугаагүй байлаа.

Хөдөлмөрөөрөө олсон мөнгө:

5 дугаар ангид байхад хажуу орцны Буржаак хэмээх шар бандь нэг удаа уйлан майлсаар орж ирэв. Хойд байрны гозон Баяраад зодуулжээ. Гозон Баяраа бол биднээс 1-2 нараар ах, ах нь лигт тоглодог, бийлэгжүү айлын онгироо бандь байсым. Буржаак түүнд өс санажээ. Намайг Магаатай дагуулж гараад түүнийг зодуулаад бид хоёрын дунд 150 төгрөг өгөв. Тэр миний хамгийн анхны татсан тамхинд зарцуулагдсан юм. Бас би амьдралдаа анх удаа нүдэндээ хөх тамга тавиулж байлаа.

Хөдөлмөрөөрөө олсон мөнгө 2:

Намайг 6, ахыг 8 дугаар ангид байхад баар, сав, пааб ховор байсан байх. Томчууд гэрт цуглаж паартийдна. Маргааш нь гэрээр хөглөрөх архи ундааны шил ах бид хоёрын санхүүгийн цорын ганц “тогтмол” эх үүсвэр байлаа. Бид 2 шилээ тушаагаад их олон юм авч хооронд нь хольж хутгаж идэж “жаргана”. Цехеес 50 ундаа ч авдаг байв. Бид хоёр мөнгөө 100 хувь үрж дуусгадаг ч ах яагаад ч юм хуримтлалтай байгаад байдаг байлаа... Сонин юм шүү!!!

Зөвшилцөл:

Ёолкны мөнгө бол хүүхэд бидний үрэх хамгийн эрхтэй мөнгө байсан юм. Одоо яадгийг нь мэдэхээ байж. Нэг удаа хөдөө болсон шинэ жилээр хотоос ах эгч нар ирж, ёолкон дээр мөнгө тавиад тэр жилийн ёолкны мөнгөний рекордыг тогтоов. Юунд зарцуулах талаар бодол болов. Ээж дээрээ очиж ярилцтал тэр бүсгүй маш эвтэйхнээр надад авч өгнө гэж амласан хужаа компьютерийн санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр болов. Би баярлаж, ээжийн амлалт биелэв. Гайхалтай, бүр гайхаад барахгүй нь...