Monday, January 18, 2010

Амар сайхандаа жаргажээ

Ж.Бат-Оргилын бүтээл. Жич: Зөвшөөрөлгүй нийтлэв.

Эртээ урьд цагт юм гэнэ. гэж эхлээд л амар сайхандаа жаргажээ гэж төгсдөг тэрхэн бяцхан сонирхолтой детектив өгүүллийг өнөө цагт амьсгаа тээж яваа амьтай монгол бүхэн уншиж сонсоо байлгүй. Уржигдар орой нэтээр хэсэгхэн тэнэхдээ тэнэгхэн бодолдоо автан Монгол ардын үлгэрүүдээ эгүүлж нэг түүвэрлэн уншив. Хүүхэд ахуйн гэнэн мөрөөдөл, саваагүй зангаа нэхэн санаж сэтгэлийн цэнгэл эдэлсэн атал нэг зүйл чихнээ сэрт хийн нүднээ сорт хийн өртөв.
Би ямар аймшигтай юм уншиж байнаа, байнаа ч гэж байваа гэж бодогдов. Монгол ардын үлгэрээр кино хийвэл ер нь юун Холливууд юун Акшон, юун Детектив... Ёстой нөгөө аймшгийн порно гэгчээр аймшигт аллага, аюул дайн, харгис хэрцгийлэлээр дүүрэн ажгуу.

Хэдхэн жишээ дурьдсу.
Долоон хожгор нэг можгор
Ах 7 хожгор нь дүү хожгортоо атаархсандаа үнээг нь алдсанаар үлгэр эхэлдэг.Дүү хожгор нь мөчөөгөө өгөхгүй гэмгүй явсан хүний 7 хүрэн халзан тэмээг олгойтой цусаар будаад хөнгөхөн зальдана. Ах 7 нь атаархсандаа эхнэрийг нь ална. Үхсэн эхнэрээрээ хааныгаа хулхидаж улмаар ах 7ыгоохоо эхнэрийг алуулахад хүрнэ. Гэх мэтээр даамжирч хул морь унасан хулсан уурга чирсэн улцан өвгөнийг өөрийн оронд модонд хүлж шатааж алуулна. Эцэст нь Ах 7оогооо тэнгист живүүлснээр хожгор дүү нь АМАР САЙХАНДАА ЖАРГАЖ төгсөх.

7 бор оготно
Алгын чинээ газартай атгын чинээ цасанд шагайн чинээ шар тос олоод бяцхан дүүгээсээ харамлаж ах нарт нь зодож ална. Хаандаа очиж хэргээ мэдүүлтэл тэнэг хаан нь огт тоосонгүй. Тэгэхээр нь тэр огонтнууд буцаж хариад амар сайхандаа жаргажээ.

Өөхөн хүү өвсөн хүү сүрлэн хүү
Өөхөн хүү нь хайлж үхнэ, өвсөн хүү шатаж үхнэ сүрлэн хүү шатаж үхнэ. Үлгэр амар сайхнаар төгсөнө.

Гэх мэтээр бидний багадаа уншиж сэтгэлийн цэнгэл эдлүүлж байсан үлгэрүүд маань ямар харгис хэрцгий юм бэ. Далан азарганы сүүлнээс уяж тасар татаж алаад амар сайхандаа жаргажээ гэх үгийг тэр бяцхан толгойд хэрхэн дүрсэлж хүлээж авч байсан бол гэж бодохоор л үлдсэн 5 хялгас өрвийн босох шахна.

Магадгүй Феодалийн үеэс гаралтай үлгэрүүд цөөнгүй бий гэдэг нь хятадыг хульхидсан, эзэн хаанаа дайрч доромжилж гутаасан дүрүүдээс илт харагдана. Гэтэл түүнээс өмнөх нь мөн л алж хядаж амар сайханд нь жаргуулна.
Би тэгээд цааш бодлоо. Үнэхээр зальдаж алж талж өөрийн хүсэл эрх ашгийг хамгаална гэдэг бол буруу зүйл биш юм байна гэсэн сэтгэхүйг өнөөх бяцхан жаалуудад одоо ч өгсөн хэвээр байна. Гэтэл энэ нийгмийг бид амиа бодсон бэртэгчидээр дүүрэн гэж ярих авч уг чанартаа тарьсан үр нь бүгд таагүй бордоогоор бордогджээ гэж бодоход хүргэв.

Далимыг ашиглаад бүр эртний Монголын түүхийн гол эх сурвалж гэгдэх Нууц товчоогоороо нэг өнгийе. Чоно, Буга, ганц нүдэт дува сохор гэдгийг эрт балар тул үлгэр домогоор нь төсөөлөөд үлдээе. Харин Хэрэйд Улсыг мөхөөсөн, Найманыг эзэлсэн, Жаха Хамбуг эрхэндээ оруулсан нь гэх мэт өрнөл хэсгүүдэд хэл ус шал ондоо харийн иргэдтэй Жамуха маш хүнд хэлбэрээр шүлгэлэн харьцсан зохиол гардаг. (Энэ нь нууц товчоог хэн нэгэн зохиож тэр шүлэглэлээр уг зохиолыг чимжээ гэж бодоход хүргэв.) Тэр бүү хэл Чингис хаан тэгж ингэж бодов гэх үгс маш элбэг. Түүхэн гэдэг утгаар нь бодит амьдрал дээр төсөөлбөл Бат-Оргил ингэж бодов гэж хөндлөнгийн хэн нэг нь бичихгүй нь лавтай.

Бидний уншаад буй Нууц товчоо маань Хятадаас олдсон. Монгол галигаар хятад ханз ашиглаж бичсэн сурвалжыг Оросын Хятадач эрдэмтэн Кафаров ханзны дуудлагаар нь хадмал орчуулга хийж фото хальсанд үлдээсэн. Энэ эхээс бид Монголын түүхээ гэж ойлгодог.
Гэтэл нэгэн хар санаа надад төрөөд буй нь Нууц товчоог ханзаар бичсэн тул хятад хүн бичсэн нь тодорхой байна. Тэгээд Монгол дуудлагаар нь бичсэн нь магад Хятадын ноёд язгууртнуудад Монгол хэл сургах текстний ном байсан юм боловуу гэж бодогддог. Нэг сумаар хоёр туулай буудах зорилгоор Монголын түүхийг давхар сураад авдаг,Монгол хэлийг бас эзэмшээд авдаг. Зүгээргүй хятадууд бас гуйвуулсан л байж таараа гэж хардах юм.

Бидэнд үнэн түүх, үнэн аман зохиол гэж байна уу, бодох л асуудал эцсийн мөчид санагдав.

Үлгэр үргэлжилсээр Монголчууд бид амар сайхандаа жаргасаар... 

No comments:

Post a Comment