Эхийн нулимс. Хүний хийж болох хамгийн хүнд нүглийн илэрхийлэл. Хатуу. Үнэндээ үрдээ гомдсон гомдлоо нууж, дотогшоо залгисан нулимс нь аманд нь багтахаа байгаад гадагшаа эхэрдэг байх. Энэрэнгүй. Нүүрэнд нь баяр гийсэн үед, нүднээс нь асгарахдаа шорвог хольцоо зовхиндоо шингээн хадгалан авах. Тэвчээр.
Бидний үйлийн үнэн худлын дэнсийг шүүх цорын ганц дархтан. Зөв бурууг хэмжих цорын ухаан. Сайн зүйлээ олж харалгүй гуниж явахад түрүүлж эхрэн бидний өмнөөс уйлж тайтгаруулах ээж. Муудаа ороогдон гутаж явахад түрүүлж гэгээрэн гадагшаа ухааруулах цорын ганц ачтан.
Уусан сархадны хэмжээгээр өсч, хийсэн хулгайн тоогоор дусалж, алсан хүний цусаар урсана. Зөвхөн бидний хийсэн гэм нүглийн төлөө биднээс биш бусдаас урсах цорын ганц нулимс.
Хамгийн ухаантайд өөрийгөө төсөөлөөд, хэнд ч дийлдэшгүй мэт сагсуурч, догширч, хатуурхаж явахад ухаанаараа дийлэх цорын ганц шидтэнгийн шингэн зэвсэг. Биднээс зөвхөн өөрийгөө хайрлахыг хүсэн зовхинд нь тодрох цорын ганц ухааны рашаан.
Би эхийнхээ нулимсыг харсан нүгэлтэн. Ээж минь нулимсаараа цадсан гэгээнтэн. Зөвхөн бидний төлөө бусдаас урсах цорын ганц нулимс.
нээрээ л тийм юм байна шүү
ReplyDeleteТөгс зүйлийг нэрлэ гэвэл эцэг эхийн хайрыг л хэлэх байх даа...
ReplyDelete