Wednesday, March 16, 2011

Хулгайн түүх

Би түүхий маханд учиргүй дуртай хүүхэд байж билээ. Ээжийгээ хоол хийж байхад хэрчсэн махнаас нь сэмхээн атгаал гүйчихдэгсэн. Нохой шувуу биш өөрийгөө л хооллох гэж. Тэр дундаа бууз, хуушуур, баншны амтлаад тавьчихсан мах бол ярих юм биш. Одоо орох болов уу? Хуулиар бол булаалт, дээрэм, хулгүй гэсэн ухагдахуунд бүрэн хамаарна.


Эмээгийн авдар гэхээр гэрийн хоймор дох чихэр боовоор дүүрэн эрээн модон сав хүн бүхэнд төсөөлөгдөнө. Минийх ч бас. Харамсалтай нь тэр доторхи чихэр боов хүүхэд бидэнд зориулагдах нь нэн ховор. Аз болж Талх Чихэр компани Бүржмэл гэж зүйл хийдэг байсансан. Оюун санааг эс тооцвол нас биед хүрсэн би пяав мяав л голдуухан сонирхдог болсон тул одоо хийдэг эсэхийг нь мэдэхгүй юм. Тэр зүйл набор хэлбэртэй дөрвөлжин цаасанд хайрцаглагдаад тун ядруухан боолтоор боогддог нь эмээгийн авдрыг нэвт харах бүхий шид суусан тав зургаа эргэм насны хулгайч пацаанд туйлын аз тохиосон үйл явдал юм. Эмээгийн эзгүйд авдрыг нь онгойлгоод саахраар гадарласан мармеладнаас пологдотлоо идээл буцаагаад боочихно. Хөөрхий тэр эмээ хичнээн хүнд хоосон хайрцаг өгч явуулсан бол. Гүэ одоо манай Засгийн газар, Алтны компаниуд нэг иймэрхүү байгаа байх.

Би гэдэг эрдэм номонд авъяасгүй золиг л доо. Бага ангид найзынхаа зохион бичлэгийг хуулж байгаад нэрийг нь сольчихолгүй “Намайг Жаргал гэдэг” гэж хуулаад үхтэрээ загнуулж билээ. Оюуны хулгайнхаа шийтгэлийг овоо хүртсээн би. Бусад нь яадаг бол?

Дунд ангид анх архи уув. Найзынхаа гэрийг эзгүйчилж, гэрт нь байсан канистер гэх цагаан хуванцар саван дах архины хагасыг авч уугаад үлдсэн дээр нь ус хийчихэж билээ.
- Гүй ээ наадах чинь эсээд гараадас яг хуучиндаа оччино мэдүү
!!! Хөөрхий, яасан гэж исэхэв дээ. Гэнэн тэнэгхэн найз минь.

Ахлах ангид  дэлгүүр их явна. Бусдын завгүй, дүүгийн багыг далимдуулж гүй ээ мөн олон удаа хариулт унагасансан. Манай гэрт дэлгүүр явах тэндер нэг иймэрхүү маарктай үргэлжилнэ. Бас болоогүй ээ. 10 хил төмс ав гэвэл 9 хилийг аваад нэг хил төмсний мөнгө унагаана шүү дээ. Аз болж гэрт хил байсангүй.  Хяналтгүй улсад зам, гүүрийг муу барьж мөнгө унаадаг шиг л...

Бодоод үзэхэд идеал болон материаллаг өмчүүд байх ёстой эзэндээ байхгүйг хулгай гэх нь тул түүхий махны түүх ч хулгайн тод жишээ. Баншны гурил дотор чихилдэн чанагдаж байх учиртай махнууд Чалва хүүгийн гэдсэн дотор түүхийгээрээ бөнжигнөн боловсорч байх нь дансанд бичигдээгүй мөнгөний тоотой л адил. 

5 comments: